“Өмнийн говийн хүлэг” холбооны тэргүүлэгч Л.Батчулуун: Үндэсний сур, морин спорт Монгол улсын тусгаар тогтнолын том баталгаа гэдэгт итгэдэг

Нийтэлсэн: 2012.10.26 00:00
  • http://www.todmagnai.mn/newsimage/153720121025124820.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/153720121025124856.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/153720121025124924.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/15372012102512504.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/153720121025125014.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/153720121025125035.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/153720121025125041.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/153720121025125058.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/153720121025125113.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/153720121025125121.jpg

  • http://www.todmagnai.mn/newsimage/153720121025125135.jpg

-Морин спорт хөгжилд орон нутгийн дэмжлэг ихээхэн жин дардаг. Та орон нутгийнхаа удирдлагын түвшинд ажилладаг хүн. Уяачдын холбоо орон нутгийн удирдлагууд хоорондоо хэрхэн хамтарч байгаа вэ?
-Хурдан морь, уралдааны тухайд аймаг орон нутгийн удирдлагын түвшинд шийдүүлэх бодлогын шинж чанартай асуудал цөөнгүй бий. Хамгийн наад зах нь цол хэргэм олгох тухай асуудал байна. Сүүлийн жилүүдэд манай Өмнөговийн хэмжээнд  аймгийн Алдарт уяачид олноор төрж буй. Үүнд ИТХ-аас аймгийн чанартай наадмуудын тоог нэмэгдүүлсэн нь нөлөөлсөн. Түүнчлэн мориор дамжсан их соёлыг түгээж, үндэсний эрийн гурван наадмын нэг морин спортыг хөгжүүлэхэд орон нутгийн удирдлагуудын оролцоог нэмэгдүүлэх үүднээс бүх шатны засаг дарга нарын нэрэмжит уралдааныг жил бүр зохион байгуулдаг болсон. Аймгийн шигшмэл хурдан морины уралдааныг 4 жилд тутамд зохион байгуулахаар болж анхны уралдаанаа зохион байгууллаа. Аймгийн 80 жилийн ойг тохиолдуулан Наадмын морь барианы газрыг шинэчлэн тохижуулж, наадамчдын ая тухыг хангаж, наадмыг будлиангүй болгох арга хэмжээ авсан нь үр дүнгээ өгч байгаа.

-Засаг дарга нарын нэрэмжит уралдаан хэдийд болдог юм бэ?
-Бага адууны хурдыг илрүүлж, нээх зорилгоор жил бүрийн 6 сарын 1-нд даага, шүдлэн насны морьд уралддаг уламжлалтай болсон. Уралдааны санхүүжилтыг орон нутгаас гаргаж, зохион байгуулалтан дээр морин спорт уяачдын холбоотойгоо хамтарч ажилладаг.

-Та өмнөх тэргүүний үед ч гэсэн холбооны тэргүүлэгчээр ажиллаж байсан гэсэн. Холбооны удирдлага шинэчлэгдснээр ямар ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Өнгөрсөнгүй одоо, одоогүй ирээдүй гэж байхгүй гэдэг шүү дээ. Тэр утгаараа өнөөдрийн бидний үйл хэргийн эхлэл Буянтогтох тэргүүний үед тавигдсан. Мөн ММСУХолбооны Ерөнхийлөгч асан Батэрдэнийн санаачлага ажлын үр дүнтэй холбохгүй байж болохгүй.  Тэр бүхнийг нь энэ цагийн удирдлага эрчимжүүлсэн учраас өнөөдөр ийнхүү богино хугацаанд эрчимжиж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймгийн хувьд ашигт малтмалын ордууд нь эдийн засгийн эргэлтэнд орж түүнийгээ даган шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна. Ийм цаг үеийг өмнөхтэй нь харьцуулж үзэхэд маш төвөгтэй л дээ. Одоо ажиллаж байгаа баг бүрэлдэхүүн сайн ажиллаж байна. Цаашдаа ч үүнээс илүү сайн ажиллах байх. Холбооны удирдлага солигдохоос өмнө тэргүүлэгчээр ажиллаж байхдаа Буянтогтох ахаас гарсан нэг саналыг ихэд олзуурхан “Өмнөговь хурд”-ыг зохион байгуулъя хэмээн шигшмэл хурд шалгаруулах уралдааны журмыг боловсруулж санал тавьсан ч олонхийн дэмжлэг хүлээгээгүй. Харин  шинэ удирдлага зохион байгуулалтанд орсноор энэ асуудал дэмжигдэж, Өмнөговь аймгийн шигшмэл хурдан морьдын уралдааныг дөрвөн жил тутамд зохион байгуулахаар болсон юм. Энэхүү уралдаан нь говь нутгийн хурдыг бий болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэх ёстой.
 
-Говьшанхын хурдыг сэргээх зорилготой “Өмнөговийн шигшмэл хурд” уралдааныг санаачлан хэрэгжүүлэгч Батчулуун тэргүүлэгчийн морьтой холбогдсон түүхийг сонирхмоор санагдчихлаа?  -Зуныхаа амралтыг хөдөө ах эгчийндээ өнгөрөөн адуу мал эргүүлж тусалдаг байсан. Одоогийн Манлай уяач, УИХ-ын гишүүн, төрийн сайд Д.Бат-Эрдэнэ бид хоёр нэг үеийн хүүхдүүд байгаа юм. Тэгсэн арваад жилийн өмнө Д.Дагвадорж /“Тавантолгой транс” компанийн захирал/, Ариунболд /”Монгол базальт” компанийн захирал/, нарын морины  зүтгэлтэнүүдтэй хамт адуун дээр нь очих завшаан тохиолдсон юм. Зууны манлай уяачийнд зочилж адуу малны талаар сайхан яриа хөөрөө өрнүүлж байх зуур Бат-Эрдэнэ, Даваахүү гуай, Дагвадорж захирал тус бүр нэг нэг адуу бэлэглэсэн. Хүнд адуу өгч адуунд оруулдаг гэж үг сонсож байсан. Эндээс л адуутай хүүгийн түүх эхэлжээ.
 
-Адуунд дуртай аавын хүүд бэлгийн дээд нь удамт хурдан хүлэг байх байлгүй?

-Тэгэлгүй яахав. Нэг дор олон адуу бэлгэнд авахаар сэтгэл их хөдөлдөг юм билээ. Тэгээд л ер нь моринд орчихсон шүү. Яг тийм үед аав маань “Аав нь уг нь адуутай байсан хүн шүү дээ. Цэрэгт байх хугацаанд хуурай ах маань үрчихсэн байсан юм. Миний хүү адуунд сонирхолтой юм байна. Манайх адуугаа чандмань тамгаар тамгалдаг байсан юм” гэсэн л дээ. Тэгээд л ер нь адуутай болоё гэж зорьсон доо.

-Дээдсийнхээ чандмань тамгыг сэргээж авсан уу?
-Манай хамдынхан бас чандмань тамгатай байсан учраас нутгийн юм мэддэг хүнээс асууж, саран тосгууртай чандмань тамгатай болсон.

-Тэгээд л бэлгийн адуугаа нутагтаа авчирч уяж эхэлсэн үү?
-Тэгсээн. Цогтовоо Цогтцэций суманд хэд хэдэн айрагдсан. Адуу малаа нутагтаа авчрах болсон нь бас нэг шалтгаантай. Тухайн үед манай хадмын талын уяач сайхан дүү маань бурхан болчихоод, адуу нь ч нэг хэсэг гундсан юм. Ийм үед нь би адуугаа авчирч өгсөн нь нэг талаараа сэргээсэн л дээ. Нэгэнт адуу мал маань ирчихсэн учраас, хэдэн үрээ зарагдах сургаар Цогтцэций суманд байдаг найз Х.Мөнхдэлгэр, одоо манай уяач М.Чулуунбаатар нартайгаа Манлай сумын харьяат аймгийн Алдарт уяач Батхүүгийнд очлоо. Шон дээр нь хэдэн үрээ байсанаас халзан үрээ над руу харж эвшээдэг юм байна. Тэгээд гэрт  орж ирээд сууж байсан чинь гаднаас хүүхдүүд орж ирээд “түрүүний халзан үрээ алдуураад зүүн урагшаа давхичихлаа” гэж байна. Тэгэхээр нь би бэлгэшээгээд худалдаад авчихсан. Миний анх удаа адуу худалдаж авсан нь тэр. Тэр үрээ Даваахүү Тод манлайн аав Данзанням гуайн адууны угшилтай гэдэг юм.

-Нөгөө халзан үрээ тань ирээд яаж давхисан бэ?
-Миний аймгийн хамгийн анхны айргийг халзан үрээ маань авчирсан юм шүү дээ. Өмнө нь дүү нар, хадмуудын морь айрагдахад сайхан санагдаад сэтгэл гэгэлздэг байсан ч өөрийн нэртэй адуу айрагдах арай өөр юм билээ. Өөрийн эрхгүй нулимс унагасан шүү. Халзан үрээгээрээ би азарга тавьсан. Уяж уралдуулсаар байгаад саяханаас Сайхан сайхан төл гарч байгаа. Дээр ярьж байсан даа. Даваахүү гуай адуу бэлэглэсэн гэж. Батэрдэнийн маань өгсөн гүү хээлтэй гүү байсан юм. Тэр гүүг Тод манлай яг өгөхдөө “Саван дотор нь байгаа юм сайн адуу болно. Хадгалж явбал чамд хэрэг болно” гэсэн. Үнэхээр ч тэр гүү, унаганууд нь Миний адууны гол цөм л дөө.

-Моринд орохыг тань хамгийн ихээр дэмжиж байсан аав тань анхны айргаа хүртэхэд бас их баярласан байх?
-Тухайн үед аав маань хол байж байгаад мэдээгүй. Сүүлд дүү хэлээд мэдсэн гэсэн. Гэхдээ дараа нь намайг очиход баяр хүргээд арван мянган төгрөгөөр мялаасан./инээв/

-Буруу сонсоогүй бол эрийн гурван наадмын хоёроор нь тэгш сайхан нааддаг гэсэн байхаа?
-Манай Өмнөговьд морин спорт эрчимтэй хөгжиж байгаа шигээ үндэсний сурын харваа мөн сайхан эртнээс хөгжиж байгаа. Би аймгийнхаа үндэсний сурын холбоог сүүлийн есөн жил удирдаж байна. Манай сурынхан өнөөдрийн байдлаар төрийн их баяр наадмаас долоон түрүү хүртчихээд байгаа. Мөн сүүлийн үед шагайн харваа сайн хөгжиж байна. Энэ жил Өмнөговь аймгийн Ханбогд сумын залуучуудын баг “Оюутолгой” компанийн нэр дээр оролцоод улсад түрүүллээ.
 
-Энэ жил тэгвэл Өмнөговьчуудын нум нь цэцэн, хүлэг нь хурдан байжээ дээ?
-Тиймээ, би үүнийг ерөөл гэж бодож байгаа. Төрийн наадмын азарга, соёлонгийн түрүүг хүртэж, соёолон айрагдууллаа. Харваачид нь түрүүллээ. Цаашид ч гэсэн өмнийн говийнхны хийморь өөдөө байж сайхан наадна гэдэгт итгэлтэй байгаа.

 -Аймгийнхаа сурын холбооны тэргүүнээр есөн жил ажилласан гэлээ. Холбооныхоо үйл ажиллагааны талаар танилцуулаач?
-Сүүлийн есөн жилийн хугацаанд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс таван түрүү, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр түрүү гээд нийтдээ улсын долоон түрүү, нэлээд хэдэн айраг хүртсэн. Өнгөрсөн жилийг тооцохгүйгээр 25 айраг түрүү авсан байна лээ. Багаараа насанд хүрэгчид болон идэрчүүд улсын тэргүүн багаар шалгарч л байна. Иймээс Өмнөговь аймгийнхаа сурын холбоог сурталчлах, харваачдаа алдаршуулах үүднээс саяхан нэг ном хэвлэлтэд өгсөн. Үүгээрээ сурчдаа мялаая гэж бодож байгаа. Мөн Юнескогийн бүртгэлд “Өмнөговь аймгийн халх сурын харваа, үүсэл хөгжил, үндэсний сурын тухай” баримтат кино  хийлгэсэн. Харваачдын хувьд бусад тамирчдын нэгэн адил аливаа уралдаан тэмцээнд явахад хөрөнгө санхүүгийн бэрхшээл тулгардаг. Миний хувьд тэр болгон хөрөнгө мөнгө байнга гаргаад яваад байх боломжгүй учраас найздаа хүсэлт тавиад “Тавантолгой транс” компани манай сурчдыг ивээлдээ авч улсын  чанартай уралдаан тэмцээнд оролцох болсон нь амжилтын нэгэн үндэс гэж хүлээж авдаг.
 
-Ингэхэд та өөрөө сур харвадаг уу?
-Нум сум баринаа. Гэхдээ ямар нэг цол хэргэмгүй. Манай сурынхан намайг их эвтэйхэн сум тавьдаг гэж их урам өгдөг. 40-н сумын талаас илүүг нь ононо шүү. Би Баттөмөр мэргэний шавь бөгөөд мэргэний хийцийн нумаар харвадаг юм. Сар шинийн 3 юмуу 8 нд аймгийнхаа хүн бүрийн муу муухай зайлаг гэж Хан уулдаа гарч сум тавьдаг. Эртний зан үйл юмдаа.
 
-Үндэсний спортоор тэгш сайхан нааддаг хүнтэй ярилцах сайхан байлаа?

-“Үндэсний сур, морин спорт Монгол орны тусгаар тогтнолын том баталгаа гэж” нэг хүний ярихыг сонссон юм. Энэ үг надад маш чухал үг.. Үнэндээ бол  сур,  морь хоёр бол салшгүй холбоотой. Аль л  Хүннүгийн үеэс эхтэй, эзэн Чингэс хаан, монголчууд морин дэл дээрээ давхиж, нум сумаараа харван ан гөрөө хийж, амьдралаа залгуулан эх орон нутаг усаа хамгаалдаг байсан нь Бидний түүх. Дэлхий нийтээрээ даяаршиж байгаа өнөө үед үндэсний спортоо хөхүүлэн дэмжих нь Монгол омогшилтой, үндэс угсаагаараа бахархах сэтгэлтэй хувь хүн байхын үндэс юмдаа.
 
-Тантай санал нэг байна. Цаашдын ажилд амжилт хүсье.
-Өнөөгийн Өмнөговьчууд их сонирхолтой эрчтэй цаг үед амьдарч байна. Тэр утгаараа бид үр хойчдоо үлдэх нутаг усаа гэсэн сэтгэлтэй байж, дор бүрнээ үүргээ ухамсарлаж байх ёстой. Тийм ухамсартай, нутаг усаа гэсэн сэтгэл зүрхтэй бүхий л хүмүүст нийт Өмнөговьчууддаа “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.


А.Тэлмэн

Сэтгэгдэл (1)

Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл үлдээх
ONON, 10/26/2012 5:12:07 AM

EE MEDEKHGVI MORI UNAJ VZEEGVI XUNII YARILTSLAGA BNA

  • Реклам